Бүтээлч ажиллана!

Агуулга он сараар

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

Яагаад олон хүн аж жаргалтай бус байдаг вэ?

Бидний эргэн тойронд олон хүн тайван бус, бухимдсан, сэтгэл дундуур, айж болгоомжилсон, шийдвэр гаргаж чадахгүй эргэлзсэн байдалтай байгаа нь ажиглагддаг. Үүнд ажилгүйдэл, ядуурал зэрэг эдийн засгийн хүндрэл, агаарын бохирдол (ялангуяа Улаанбаатарын өвлийн утаа), машин тэрэгний түгжрээ зэрэг орчны таагүй байдал нөлөөлдөг нь мэдээж. Гэвч амьдралын нэлээд хүнд нөхцөлтэй боловч өөдрөг сэтгэл, баяр баясгалантай, тайван амгалан хүмүүс бас байдаг. Тэд яагаад цөхрөлгүй, өөдрөг сэтгэл, баяр баясгалантай байдаг юм бол? Нөгөөтэйгүүр баян чинээлэг, боловсролтой олон насанд хүрэгчид яагаад аж жаргалтай бус байдаг вэ?
Энэ асуултад Австралийн сэтгэл зүйч, гэр бүл судлаач Стеве Биддульф (Steve Biddulph) “Аз жаргалтай хүүхдийн нууц” номондоо “Олон хүн аз жаргалтай бус байхад программчлагдсан байдаг. Аз жаргалгүй байхыг томчууд тэдэнд хүүхэд байхад нь (зориуд бусаар) зааж сургадаг. Тэгээд хүүхэд тэр байдал-рольдоо насан туршдаа итгэн амьдралын төгсгөл хүртэл түүнтэйгээ хамт явдаг” (1) гэж хариулжээ.


Бид яаж нөлөөлдөг вэ?
Ээ залхуу минь”, “Чи ёстой хар амиа бодогч юмаа”, “Тэнэг юмуу чи”, “Амгалан тайван байлгаж болохгүй байна уу”, “Замаа хардаггүй юмуу?”, “Чи ч Нямаагийн ижил болох нь дээ” (тэрээр шоронд байгаа) “Уур хүргээд чи ч муу хүүхэд юм даа”, “Алив наад хутгаа өг, гар хөлөө зүсэх нь үү?” гэх мэт үгс айлуудад сонсогдож байдаг. Ийм үгс сонссон хүүхэд өөрийгөө зөвхөн “Би муу байж”,  "Би буруу юм хийсэн байна" гэж бодоод өнгөрдөггүй, харин энэ нь тэдний сэтгэл санаа, ухамсарт ховсдох адилаар нөлөөлдөг нь Стеве Биддульфийн удирдсан судалгаагаар тогтоогджээ. Ийм үгс хэдийчинээ олон давтан хэрэглэгдэх тохиолдолд хүүхдэд төдийчинээ ойр танил сонсдоно. Ингээд хүүхэд түүнд итгэж үнэмшдэг болж, "дутуугийн мэдрэмж”-ийг авна. Стресстэй ээж, аавын амнаас зориуд бусаар гарсан үгс ийнхүү үр удамд нь ул мөрөө үлдээдэг ажээ.


Аз жаргалтай байхад суралцаж болдог
Аз жаргалтай насанд хүрэгчид бол багаасаа аятай мэдрэмжүүдийг авч, олон сайхан, тааламжтай үйл явдлын нөлөөлөл дор өсч бойжсон байдаг байна. Үүнд материаллаг орчин нөхцөл гэхээсээ сэтгэл санааны тааламжтай мөчүүд илүү нөлөөлдөг ажээ. Ээжийн “Миний охин хаана байна?” гээд энхрийлсэн үнсэлт, аавынх нь “Мундаг хүү шүү” гэсэн магтаал, багшийн “Бүү гудайгаарай” гэх зоригжуулалт гэх мэт. Тэгэхээр ээж, аав нар хүүхдийг аз жаргалтай болгоход  сургах, тэдэнд туслах боломжтой. Хүүхэд бол дээд зэргийн мэдрэмж, авьяас чадвартай, нарийн ажиглагчид байдаг. Хүүхдийг ухаалаг өөдрөг байх, сэтгэлийн тэнхээтэй болох, өөрөөр хэлбэл аз жаргалтай нэгэн болон өсөж хөгжихөд ээж, аав нар юуны өмнө дараах зүйлсийг анхаарна.
•    Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалтай байх
•    Өөрөө өөдрөг байх
•    Хүүхдээ тоож, үгийг нь сонсох, эрэлт хэрэгцээнд нь мэдрэмжтэй хандах
•    Хүүхдээ үнэлж байгаагаа мэдрүүлэх
•    Хүүхдээ зоригжуулж, магтаж байх
•    Чөлөөт цагаа хүүхэдтэйгээ үр дүнтэйгээр өнгөрүүлэх (ном уншиж өгөх, хүүхэдтэйгээ тоглох, мал, амьтан, ургамал арчлах гэх мэт)
•    Гэр орныхаа ажлыг хамтран амжуулах
•    Найз нөхөдтэй болох, тэдэнтэй хамт байх боломж олгох, гадаа тоглуулах
Бага насны хүүхдийг аз жаргалтай байлгах практик аргууд (“Хүүхдээ аз жаргалтай байлгахын тулд”), мөн хүүхэд маань ер нь аз жаргалтай байж чаддаг  болов уу гэдгийг тогтоох тест (“Та хүүхдээ хэр аз жаргалтай байдгийг мэдэх үү?”)-ийг та манай сайтын дараах линкүүдээр орж үзээрэй.

http://www.davalgaa.mn/index.php?option=com_content&view=article&id=506:2010-05-28-05-15-54&catid=48:2009-11-27-02-07-23&Itemid=305
http://www.davalgaa.mn/index.php?option=com_content&view=article&id=509:2010-05-31-08-26-11&catid=48:2009-11-27-02-07-23&Itemid=305


Ном зүй:
Das Geheimnis gluecklicher Kinder, Steve Biddulph, Beust Verlag, Muenchen, 2000, s.12

0 comments:

Post a Comment

www.automarket.mn