Бүтээлч ажиллана!

Агуулга он сараар

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

ЭРГЭЖ ОЧНО ОО БИ ЭХ ОРОНДОО

Яруу найрагч Банзрагчийн Энхтуяа

 

Намтрын товчоон

Нэр: Банзрагчийн Энхтүяа нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн.

1984 он Улаанбаатар хотын Багшийн сургууль төгссөн

1995 онд Улсын багшийн их сургуулийг зохиолч, сэтгүүлч, багш, утга зохиолын судлаач мэргэжлээр төгссөн. Хэл шинжлэлийн ухааны магистр, сэтгүүл зүйн докторант.

1984-1991 он хүртэл Улаанбаатар хотын болон Хөтөлийн дунд сургуульд багш

1991-1995 Улсын багшын их сургууль төгссөн

1995-2001 Засгийн газрын мэдээ, Үнэн зэрэг сонинуудад сурвалжлагч, хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан

2001 оноос  Швед улсад ирж ажилж амьдарч байна

 

Уран бүтээлийн товчоон

1. Далай ээж драмын жүжиг 1991

2.Тавилан уран сайхны кино 1993

3. “Цөн түрэх аялгуу” яруу найргийн ном  1995

4. “Эгшиглэнт зул сар” яруу найргийн ном 2000

5. “Эх орондоо илгээх шүлгүүд” яруу найргийн ном 2008

зэрэг бүтээлээ туурвиж уншигч үзэгчдийн  хүртээл болгосон.

 

...1980 -аад оны сүүл үеийн яруу найргийн зонхилох төлөөлөгчдийн нэг, энэ салбарт дуурсгах нэртэй, дугуйлсан хантай яруу найрагч Банзрагчийн Энхтүяатай уулзаж ярилцлаа.

Б.Энхтүяа нь Данзан Равжаагийн нэрэмжит яруу найргийн наадмын тэргүүн болон дэд байрын шагналт шилдэг уран бүтээлчдэд олгодог ”Од” , Монголын үндэсний чөлөөт зохиолчдийн холбооны шагнал тус тус хүртсэн олны танил яруу найрагч юм.

 

А.Д-Танаас олон жилийин өмнө нэгэн сонины сурвалжлагч - Та хүсэл сэтгэлийнхээ Хаан нь байх дуртай юу? Боол нь байх дуртай юу? гэсэн асуултанд та хариулахдаа - Би боол нь ч биш хаан нь ч биш Хатан нь байх дуртай гэж хариулсанийг тань би мартдаггуй юм. Та ер нь ягаад тийм хариу өгсөн юм бэ?

Б.Э- Аливаа юмний зүй тогтол харицангуйн дунд оршдог. Бид хэдийигээр туйлширдаг гэсэн ч харьцангуйн онолоос халина гэдэг хэцүү. Тийм болохоор би хүсэл мөрөөдлийнхөө боол нь байх дургүй, байгаа ч үгүй. Бас хамаагүй их туйлширч хүрч чадахгүй юмныха эзэн нь юмуу хаан нь болно гэж тэмүүлдэг ч үгүй. Харин хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж зорьж, түүндээ хүрэх дуртай. Тэр зориж хүрсэн тэмүүлэл хусэл мөрөөдлийнхөө би жинхэнэ байх ёстой газраа л  эзэн нь болдог. Тэгээд л би хүсэл мөрөөдлийнхөө боол нь ч биш, хаан нь ч биш хатан нь байх дуртай гэж хариулсан юм.

А.Д-Энэ танийхаар бол нөгөө харьцангуйн онол үйлчилж байна гэсэн үг үү?

Б.Э-Яг тийм.

А.Д-Та Шведэд ирээд олон жил болжээ. Энэ хугацаанд та зорьсон зорилготоо хүрч чадсан уу?

Б.Э- За энэ бол бас л харьцангуй ойлголт юмаа. Хуний хүсэл мөрөөдөл гэдэг хязгааргүй. Зарим нэг зорьсон зүйлдээ бараг хүрсэн боловч бас амжаагүй үлдсэн амжуулахаар хичээж байгаа зүйл нилээд бий.

А.Д -Та яг одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

Б.Э -  Нэг ёсондоо өөрийгөө цуглуулж нэгтгэх тал дээр л ажиллаж байна даа.(инээв)

А.Д -Энэ чинь юу гэсэн үг вэ?

Б.Э - Шүлэг гэдэг бол миний хувьд миний сэтгэл, дотоод гадаад ертөнц, амьдгал агаaр ус минь юм. Тэгээд ч би шилдэг шүлгүүдийин түүврээ бэлтгэж байна. Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр өмнөх миний шүлгийн түүврүүд тус тусдаа бие даасан дан шинэ шүлгүүдээс бүтсэн номнууд байлаа. Энэ нь тухайн цаг үе, нийгэм улс төрийн байдал бас шүлэгчийн сэтгэлийн хувисал зэрэг нөлөөлсөн өөр өөрийн өнгө аястай. Гэтэл одоо миний хэвлүүлэх гэж байгаа ном бол бүх шүлгийн түүврээсээ шилдгийг нь сонгож бас одоо бичиж буй шинэ шүлгээсээ хамтатган оруулах юм. Ингээд бодоход миний сэтгэлийн нэгтгэл гэсэн үг юмуу даа. Түүнийгээ л өөрийгөө цуглуулах гэж хэлж байгаа юм.

А.Д - Та ер нь их л завгүй хүн юмаа. Тантай уулзах боломж их муу юм. Танийг ажлийнхаа хажуугаар орчуулагч хийдэг бас уран бүтээлээ амжуулдаг тэгээд ч зогсохгуй бас сургуульд багшилж байгаа гэж сонссон. Энэ бүгдийг яаж амжуулаад байна вэ?

Б.Э - За хүн ер нь хүсэл зорилгынхоо төлөө бүгдийг л амжуулах болно шүү дээ. Би харин ч Шведэд  ирээд яг өөрийгөө олж авахад  цаг хугацаа их алдсан гэж боддог. Шинэ газар, шинэ орчин, танихгүй хүмүүс, өвдөж зовох гээд ер нь юуг хэлж барах вэ дээ. Миний ирж байх үед юун одоогийнх шиг ажлын  гэрээгээр оршин суух эрх авах нь бүү хэл олигтойхон ганц швед-монгол толь  бичиг ч байхгүй, тэр ч бүү хэл бараг Монгол гэдгийг мэдэх хүмүүс ч цөөхөн байлаа шүү дээ. Ийм шинэ орчинд  хөлөө олтол  их цаг алддаг юм билээ. Энэ үед миний шүлгүүд л надад юунаас ч илүү  хань болж эх орон, элгэн саднаа санасан сэтгэлийг зөөлрүүлж байлаа. Яг учраа олоод ирэхийн цагт энэ нийгэмд чинь бас өөрийн мэргэжил, боловсролоороо ажиллах зайлшгүй шаардлага гарч ирсний улмаас л өөрийнхөө чадах бүх л салбаруудад өөрөө өөрийгөө сориж явна. Тийм болохоор цаг завгүй л явах юм. Хэдийгээр би ямар ч завгүй байсан  ч гэсэн Монголчууддаа орчуулга  хийгээд , сургуулийн танхимд хүүхдүүдийн шуугианд бужигнаад гарахдаа харин ч эерэг энэрги авчихсан эрч хүчтэй болчихсоноо мэдэрдэг.

Шүлгийн тухайд бол энэ огт ондоо асуудал. Шүлэг бол миний онгодоор орж ирдэг. Ажлаа хийж байсан ч , нийтийн унаанд явсан ч гэнэт л онгодоор дамжин орж ирэхэд алдалгүй бичиж авах нь чухал байдаг. Уран бүтээлээ би хийж болох бололцоотой бүх л агшинд амжуулахийг оролддог. Гэвч  би өөрийнхөө шүлгүүдэд тийм ч их цаг зав гаргаж амжихгүй л юм. Ер нь утга зохиолийн салбарт өөрийнхөө зүгээс хийе гэж бодож төлөвлөсөн юм их бий.

А.Д -Та олон Монголчуудтай уулзаж ярилцдаг хүний хувид энд шинээр ирж буй Монголчууддаа хэлье гэсэн юм байдаг л байх...

Б.Э - Mиний ажигласнаар Монголчууд бид цаг барьж сурах хэрэгтэй. Ж нь: Өдөрт 5 хүн эмчид үзүүлэх цагтай байлаа гэхэд багаар бодоход 3 нь хоцорч ирнэ. Үүнээс болж эмч үзлэгээ хойшлуулж бас өвчтөн маани төлбөр төлөхөд ч хүрч мэднэ. Үүнээс болж өвчтөн эмчлүүлүх цагаа алдаж улмаар эмчилгээ нь хойшлогдож байгаа гэдгээ ойлгох ёстой. Ер нь цаг барьж сураагүйгээс болж олон юманд хүндрэл гардгийг бид анзаарах хэрэгтэй. Энэ бол бидний өөрсдөөс л шалтгаалах зүйл шүү дээ.

Бас нэг зүйл хэлмээр байна. Шинэ орчин шинэ газар хөлөө олж, эдийн засгаа өөд татах гэж ирсэн манай залуучууд өдөр шөнөгүй урт цагаар ажилласнаас болж ядаргаанд орж түүнээс шалтгаалаад янз бүрийн өвчин тусах хандлага их байна. Тийм болохоор өөрөө өөрсддөө цаг зав гаргаж ажил амралтаа зөв зохицуулж явах хэрэгтэй. Бид эрүүл эрч хүчтэй байж л бүр илүү ихийг амжуулна гэдгийг мартаж болохгүй. Бас зөвхөн ажиллахаас гадна сурч боловсрох олон зам байгаа гэдгийг олж харах хэрэгтэй.

Мөн түүнчлэн хэдийгээр бид хүний газар байгаа ч гэсэн өөрийн эх хэл соёлоосоо хөндийрч болохгүй. Сүүлийн үед монголчууд олон ирэхийн хирээр хүүхдүүд олширч бас шинээр ч хүүхдүүд энд төрж байна. Тэдэнд Эх хэлийг нь мэргэжлийн хэмжээнд анхнаас нь зөв зааж сургах шаардлагатай байна. Энэ тал дээр Швед дэх Монголын элчин сайдын яам, Швед дэх Монголчуудын холбоо болон мэргэжлийн хүмүүс хамтарч ажиллана гэж найдаж байна.

А.Д -Таны яруу найргийн багш хэн бэ?

Б.Э - Амьддаа бие биеэ хайрлахын агуу их ухаарлыг бидэнд үлдээсэн Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар, Надад урмаар ургаж төлжихийн увидас хайрласан Төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжав нар билээ. Би найргийн энэ хоёр том уулсын гэгээнд, яруу найргийн цэцэрлэгт өөрийн гэх салаа мөчрөө ургуулсан юм.

 

А.Д - Сүүлчийн асуултыг танд үлдээе.

Б.Э - Швед дэх Монголчуудын холбооноос эрхлэн явуулж байгаа энэхүү цуврал ярилцлаганд намайг урьж оруулсан та бүхэнд их баярлалаа. Танай холбооны хамт олон болон нийт монголчууддаа эрж яваа хавар цагийн сайн сайхныг хүсэж “Эргэж очноо би эх орондоо”  шүлгээрээ мэндийн цэнхэр хадгаа өргөн баръя.

ЭРГЭЖ ОЧНО ОО БИ ЭХ ОРОНДОО

Энхэр сэвлэгийг минь талын салхи нь илбэн таалсан

Эхний мөрөө газар шороонд нь тамгалж үлдээсэн

Ээжий минь сүүний цацал бүхэн уул усанд нь шингэсэн

Эх орон монголоо санан санасаар эргэж би очно оо

 

Зүдэрч жаргасан цагийн ямар ч үед

Зүгээр суулгүй өөрийн гэсэн мөрөө үлдээсэн

Зүрхний хайртай эх орон монголоо

Зүүдлэн зүүдэлсээр би эргэж очно оо

 

Аньсганд торсон нулимсаа цээжин цаанаа нууж

Алс холын газраас баяр гунигаа тээсээр

Алтан алтан аялгуугаар шүлгийг минь хуурдаж хөглөсөн

Амин хайрын монголдоо яаран яарсаар эргэж бид очно оо

 

Наран гэрэлт хорвоогийн цэнхэр тунгалаг өдрүүдэд

Найдаж очих эх орон минь Монгол

Намайг бас чамайг төрүүлсэн эх орноосоо

Намрын шувуу шиг одовч хаврын шувуу шиг эргэж бид очно оо

 

Төрсөн өссөн эх орон гэдэг

Төгөлдөр орчлонгийн эхлэл юм

Аз хийморийг маани бадрааж байдаг

Алтан сүлдтэй өргөө минь юм

 

Хайртай дотно бүхэн минь мартсан ч байг хамаагүй

Харийн газар байхад минь санаагүй ч байг яахав

Ямар ч үнээр солишгүй хайрын минь галыг бадраасан

Яруухан гэгээхэн Монголдоо яаран яарсаар би эргэж очно оо

 

А.Д -Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны уран бүтээлд болон цаашдын ажил болон амьдралд тань аз жаргал дүүрэн байхыг хүсэн ерөөе.


Ярилцсан А.Дэлгэрцэцэг

Стокхолм хот, Швед

2011-03-11

0 comments:

Post a Comment

www.automarket.mn