Бүтээлч ажиллана!

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

Тэд ЭРХИЙНХЭЭ төлөө ХАШГИРЧ байгаа http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=47448

Миний мессенжерт асар олон хүн байдаг ихэнхтэй нь нүүр тулан уулзаагүй, мөн цөөн бусыг нь бүүр танихгүй. Он лайн байгааг нь хараад энэ одоо хэн юм болоо гээд нэр өгөх гэж будилж будилж орхино. Хааяа ч "уучлаарай чи чинь хэн билээ, яг аль Дулмаа билээ" гээд л асууна шүү дээ.

Энэ олон эчнээ танилуудын маань нэг надруу нэг өдөр нэгэн интернэтийн ЮРЛ явууллаа. Би яахав байнга хүмүүст өөрийн бичлэгээ уншуулах гэж шахаж, спам шидэж байдаг хүн тул хүмүүсээс ирсэн юм болгоныг орж харж байдаг хүн байгаа юм. Тэгээд ороод харлаа. Тэгсэн чинь маш мундаг зураач бүсгүй Америкад амьдарч, ажиллаж, сурч байгаа тухай ярилцлага байсан юм. 

Тэгээд ярилцлага авсан Галбадрах гэдэг ахтай холбогдоод тэр ярилцлагыг нь Банжиг Ярилцлага буланд оруулж байсан. ЭНД ДАРЖ уншаарай. Түүнээс хойш Г.Галбадрах ахын хийсэн ярилцлагууд Банжигын нүүрийг чимэх болсныг та нар анзаарсан байх.

Гунгаа хэмээх энэ дайчин бүсгүй бид хоёр хааяа чатлан элдвийн юм ярилцдаг байсан юм. Тэгсэн нэг өдөр "Манай сонсголын бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулдаг Мисс-ийн тэмцээн болох гэж байгаа чи дэмжээд өгөөч" гэлээ. Би боломжоороо зар, сурталчилгааг нь байрлуулан тусаллаа. Дараа нь намайг шүүгчээр суугаад өгөөч гэлээ би ч татгалзсангүй. Энэхүү тэмцээний тайланг ЭНД дараад үзчихээрэй.

Тэгээд л тэр тэмцээнийг шүүж байх хугацаандаа, дараа нь болсон бяцхан хүлээн авалтанд оролцох үедээ, тэнд байсан зарим эцэг, эх, тэмцээнд оролцсон охид, Монголын дүлий иргэдийн холбооны ерөнхийлөгч Ц. Пүрэвдоо гуайтай ярилцаж байхад төрсөн сэтгэгдлээ бичих гэсэн юм.

Нэг л ажин түжин миссийн тэмцээн, чимээ анир багатай хүлээн авалт. Охидууд хөгжмөө сонсдоггүй тул урлагийн номер гэсэн хэсэгт бүжиг аянаасаа зөрөх бол байх л асуудал байлаа. Тэгэхдээ тэр хөгжимний нөхөр бол арай дэндүү будлиулсаан. Хөөрхий охид өөрийнхөө аяыг явж байгаа гээд л бүжиглээд байгаа шүү дээ. Алгаа ташихыг сонсдоггүй тул гараа дээш өргөн эргүүлэн сэгсрэх маягаар баяр хүргэдэг юм билээ. Зарим үед өөрийн эрхгүй нулимас цийлэгнээд ирж байсан.

Тэгээд сонсоод байсан чинь энэ хүмүүст их зовлон байх юмаа. Нэг бодлын хараагүй ч юм уу? хөл гаргүй хүмүүсийн хажууд "азтай" ч гэчихмээр юм шиг.

Гэтэл эд нарын хувьд энгийн хүмүүстэй хамт ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн дунд чөлөөтэй харилцан ойлголцох нь үнэхээр хүнд асуудал ажээ.

Харааны юм уу? бусад эрхтний бэрхшээлтэй иргэдийг хүн болгон хараад л хөгжлийн бэрхшээлтэй гэж таньдаг тул халамж анхаарал тавьж, харилцан ярилцан сэтгэл санаагаар нь өөд татах тохиолдол элбэг. Гэтэл Сонсголын бэрхшээлтэй иргэд хэн ч харсан эрүүл сайхан хүн харагдаад байдаг. Тэгээд очоод ярилцах гэхээр ойлголцож чадахгүй байдаг. Энэ л хамгийн том асуудал нь байна.

Ц. Пүрэвдоо гуай хожим сонсголгүй болсон тул амны хөдөлгөөн хараад ойлгоод эргүүлээд бас яриад байх юм. Тиймээс бид хоёр гайгүй хууч хөөрлөө. Улсын хэмжээнд ганцхан тусгай сургуультай тэр нь УБ хотд. Ямар ч эцэг эх өөрийнхөө хажууд байлгахдаа ч минут тутамд анхаарч байдаг өрөвдөм, "бусдаас өөр" нялх үрээ УБ хотруу ном сур гээд явуулж чаддаггүй тул орон нутагт байгаа хүүхдүүд ихэнхи нь боловсролгүй болж байгаа. Эцэг эхчүүд "энэ муу минь хөөрхий" хэмээн сонсголын бэрхшээлтэй хүүхдээ хамгийн өнгөтэйг өмсүүлж, хамгийн сайныг идүүлж эрхлүүлсээр байгаад нийгэмд очоод хэн нэгэнтэй харилцан ажиллах чадваргүй болгодог, гэр бүлийнхэн дотор нь сайндаа ганц хүн л дохионы хэл мэддэг тул тэр хүнгүйгээрээ гадагш дотогш гарч орж чаддаггүй тухай, тэднийг их, дээд сургууль төгссөн ч ажилд авах дургүй ажлын байр олддоггүй тухай, хэрэв ажилд авбал ямар нямбай, төвлөрч ажиллаж чаддаг тухай, арай гэж хөөцөлдөж байж жолооны нэг курстэй гэрээ хийн цөөнгүй тооны сонсголын бэрхшээлтэй жолоочтой болсон тухай, тэд нар нь хамгийн болгоомжтой осолгүй манлай жолооч нар болсон тухай, Монгол улс өөрийн гэсэн дохионы хэлний стандартгүй тухай, өмнөх дохионы хэлийг болиулаад өнөөдөр олон улсын дохионы хэлийг төв болгож байгаа тухай, гадаадад эд нартай харьцах сайн дурын ажилтан болохын тулд залуучууд дохионы хэлийг идэвхийлэн сурдаг байхад Монголд эцэг эхчүүд болон гэр бүлийн гишүүд нь ч дохионы хэл сурахгүй байгаа тухай, тусгай сургуулийн багш нар дотор нь ч дохионы хэлээр сайн ярьдаг багш тун цөөхөн тухай, олон асуудлыг төр засгаар шийдүүлэхээр өгсөн боловч өнөөг хүртэл дүлий дүмбэ царайлж байгаа тухай.... асар их зүйлсийг бид хоёр ярилцлаа.

Ядаж одоо тэр дохионы хэлийг нь стандартчилаад өгчихөж болохгүй байгаа юм байхдаа. Тэд нэгэнт олон улсын дохионы хэл сурчихвал дэлхийн хэлийг сурчихлаа гэсэн үг шүү дээ. Тэр дохионы хэлээр нь өч төчнөөн сурах бичиг, стандарт байхад тэрийг нь ядаж батлаад өгчихөөсэй гэсэн халаглал төрж байлаа.

Тэнд байсан охид, залуус бүгд скайтелийн дүрсээ харж ярьдаг гар утастай юм. Тэрнийгээ өмнөө бариад хоорондоо дохиод яриад байх. Энэ бол тэдний амьдралд гарсан асар том дэвшил гэж байсан. Тэд хэн нэгэнтэй гараараа дохиод, амны хайрцагийг нь хараад, бичээд ч болсон харьцахдаа их сэтгэл хангалуун байдаг юм билээ. Би дээхэн үед хэлгүй хүмүүсть зориулсан гараар дохих цагаан толгой сурч байсан. Тэрийгээ ашиглан ганц нэг үг бичсэн чинь сайн байна гээд их таашаалтай байсан.

Тэгэхдээ нэг л хэн нэгнийг царайчилсан, биеэ барьсан, өөрийгөө голсон, хязгаарлагдмал харьцаа байгаа нь мэдрэгдэж байлаа. Би тэднийг өрөвдөх гээгүй юм. Зүгээр л тэд хэлж чадахгүй байгаа болохоос дотроо бол хүмүүстэй адилхан ажиллаж, амьдрах ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХАШГИРЧ байгааг нь мэдэрч байсан юм. 

Тэд цагаан хоолой бариад ордны гадаа орилж чадахгүй, хэсэг бүлэг хүмүүсийг уриалан дуудаад жагсаж чадахгүй байгаа. Тэглээ гээд энэ хүмүүс нийгмийн амьдралд тэгш эрхтэй оролцох эрхээ умартсан гэж ойлгож болохгүй шүү дээ. Тэдний төлөө доривтойхон зүйлсийг энэ олон хавтгайруулсан их нийгмийн халамжийн мөнгөөрөө хийчихээчээ л гэмээр байна.

Эцэст нь хэлэхэд төрөлхийн сонсголын бэрхшээлээс илүү, бага насны хүүхдүүдэд мэнэнгит болон эмний хордлогоос үүдэлтэй олдмол сонсголын бэрхшээл үүсэх нь элбэг байдаг гэнэ шүү. Эцэг, эхчүүд минь анхааралтай байгаарай.

Тэдний өмнөөс ингэж хашиграхыг хүсч байсныг нуух юун

0 comments:

Post a Comment

www.automarket.mn