Бүтээлч ажиллана!

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

Олимп, дэлхийн алдартнууд “Эрүүл Монгол хүүхэд”-ийн төлөө өөрсдийн гар утасны дугаараа дуудлагаар худалдаíà

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын спортын алдартнууд хүүхдийн эрүүл мэндийн төлөө дуу хоолой, сэтгэлийн тусаа зориулахаар шийджээ. Олимп, дэлхийн алдартнууд “Эрүүл Монгол хүүхэд”-ийн төлөө өөрсдийн гар утасны дугаараа дуудлагаар худалдаж, олсон орлогыг нэгэн хүүгийн эмчилгээнд хандивлахаар болсон байна. Энэ талаараа тэд өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэл бага хурал хийн, мэдээлэл өглөө.

Дэлхийн бахархал болсон Монголын алдарт тамирчдыг манай урлаг соёлын залуус дэмжин, хамтарч байгаа аж. Өнөөдөр болсон хэвлэлийн хуралд жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар, чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатар, Номин талст хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, Чоно хамтлагийн ахлагч, дуучин Д.Дэрмээ нар оролцсон юм.

Урлаг, спортын сор болсон залуус энэ удаа хүнд өвчнөөр шаналсан Д.Амарбаясгалан хүүд туслахаар сэтгэл нэгджээ. Д.Амарбаясгалан хүү 11 настай. Нийслэлийн Сант сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг энэ хүү аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. 2009 оны хоёрдугаар сараас эхлэн зүүн хөлийн эрээн булчин, өвдөг орчмоор  нь өвдөж, гишгэхэд хөндүүрлэх болсон бяцхан хүүгийнхөө төлөө аав, ээж нь Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Халдвар судлалын үндэсний төв, Нэгдсэн  I, II эмнэлэг, Монголын Реваматалогийн холбоо зэрэгт хандан эмчлэгдэх арга зам хайсан боловч энэ өвчин Монголд эмчлэгдэх байтугай оношлох боломжгүй байжээ. Ингээд 2009 оны наймдугаар сард БНХАУ-ын хүүхдийн нэгдсэн эмнэлэгт HLA-B27 шинжилгээ өгснөөр JAS-juvenile ancelosing spondylitis гэсэн ховор тохиолддог өвчин болох нь тогтоогдож, АНУ-ын үйлдвэрлэсэн дөрвөн төрлийн тариаг яаралтай хийлгэх шаардлагатай болсон юм. Хүүгийн эмчилгээний зардалд 70 гаруй мянган ам.доллар хэрэгтэй байгаа учир олны хүч оломгүй далай хэмээн олимп, дэлхийн аваргууд, урлаг соёлын одод нэгдэн, аав, ээждээ аз жаргал бэлэглэж яваа бяцхан хүүд амьдрал бэлэглэхэд туслахаар шийдсэн нь энэ аж.

 Амжилтын төлөө хамтдаа төрийн бус байгууллага, Монголын тамирчдын санаачилж буй сайхан сэтгэлийн аяныг Монгол Улсын гарьд  Н.Ганбаатар, Монгол Улсын заан Д.Рагчаа, Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Номин талст хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, Чоно хамтлагийн ахлагч дуучин Дэрмээ, Маск продакшны жүжигчин М.Баярмагнай нарын олон хүмүүс дэмжихээ илэрхийлснийг дашрамд тэмдэглэх хэрэгтэй байх.

Хүүг эмчлүүлэхийн тулд хүн бүхэн чадах, мэдэхээрээ тусалж байгаа сайхан сэтгэлийн тус олимп, дэлхийн аваргуудын хэрэглэж байсан алтан дугаарыг дуудлагаар худалдахаас эхлэх юм байна.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр 9900-1111, Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар өөрийн 9900-0099,  Олимпийн аварга Э.Бадар-Ууган 9900-2222, Гавьяат тамирчин Б.Наранбаатар 9900-3333 гэх “Мобиком” компаниас тэдний амжилтыг үнэлэн, бэлэглэж байсан  азын алтан дугаараа дуудлага худалдаанд санал болгож байна.

Дуудлага худалдаа энэ сарын 25-нд буюу ирэх лхагва гаригт СУИС-ийн баруун талд байрлах Records Center-т 19.00 цагаас эхлэх аж. Дуудлага худалдааны талаар мэдээлэл авч, үнэ санал болгохыг хүсвэл 91919174 дугаарын утсанд хандаж болох нь ээ.

Урлаг, спортын оддын тус үүгээр дуусахгүй ээ. Өвчин шаналал тээсэн олон хүүхдэд, олон хүнд сэтгэлийн тус дэмээ харамгүй зориулж ирсэн Монголын рок, поп, нийтийн дуучид, хошин урлагийн уран бүтээлчид ирэх зургадугаар сарын сарын эхээр Д.Амарбаясгалан хүүд зориулсан хандивын тоглолтыг зохион байгуулах гэнэ. Уншигч та ч мөн энэхүү сайхан сэтгэлийн үйлсэд нэгдэж, бяцхан хүүгийн төлөө сайхан сэтгэл зориулахыг хүсвэл үүрэн телефоны бүх оператороос 151111 гэсэн тусгай дугаарт мессеж илгээн, хандив өргөх боломжтой. Таны бичсэн нэг мессеж 550 төгрөгөөр үнэлэгдэн, хүүгийн эмчилгээнд далайн чинээ тус болон очих болно.

 Хандивын данс: Голомт банк 1805004649 төгрөгийн данс  

Хэвлэлийн бага хурлын үеэр тэдний сэтгэгдлийг сонслоо.

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 

-Манай тамирчид өнөөдөр нэгэн сайхан хүүд амьдрал бэлэглэхийн төлөө сэтгэлээсээ туслахыг хичээж байна. Эхний ээлжинд бид өөрсдийн гар утасны дугаараа Д.Амарбаясгалан хүүгийн эмчилгээний зардалд зориулан дуудлага худалдаагаар зарахаар боллоо. Дуудлага худалдаанд маань иргэдийг идэвхтэй оролцоорой гэж хүсэх байна. Монголчууд сайхан сэтгэлтэй ард түмэн шүү дээ. Өнөөдөр бид нар үр хүүхдүүдээ ингэж олон арваараа өвчин зовлонд нэрвэгдэж байгааг зүгээр хараад сууж болохгүй гэж бодож байна. Нийгмийн байдал, байгалийн бохирдол гээд олон хүчин зүйлээс шалтгаалж хүүхдүүд маш олноороо өвчилж байна. Хүүхэд ээжийнхээ гэдсэнд ч эндэж байна. Монголын ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө хүн бүхэн хөдлөх ёстой гэж бодсоны үндсэн дээр бид Монголын ард түмнийг “Эрүүл Монгол хүүхэд”-ийн төлөө нэгдээч ээ гэж уриалж байгаа юм.

Гавьяат тамирчин Б.Наранбаатар 

-Өнөөдрийн бид нарын хийж байгаа энэ үйл ажиллагаа хүүхдэд чиглэсэн анхны санаачилга биш юм. Бид өмнө нь Нялхсын клиникийн төв-д очиж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандив, тусламж хүргэж байлаа. Мөн өөрсдөө лекц уншиж, түүнийхээ орлогыг “Хавдаргүй Монгол” үндэсний санд хандивлаж байлаа. НХХЯ-наас хэрэгжүүлж байгаа “Гэртээ харих замд” нэвтрүүлгийг бид маш их дэмждэг. Тэр нэвтрүүлгийн дүү нартайгаа байнга уулзаж, сэтгэлийн дэм өгөхийг хичээдэг. “Амжилтын төлөө хамтдаа” байгууллага спортын салбарт үйл ажиллагаа явуулахаас гадна нийгмийн сайн сайхны төлөө гэсэн ажилд хамтрахыг зорьж ажилладаг юм. Тийм ч учраас бид өнөөдөр Д.Амарбаясгалан дүүдээ туслахыг хүсч, өөрсдийнхөө боломж, хийж чадах зүйлээр энэ хүүг дэмжин, хөл дээр нь босгож ирэхийг хүсч байна. Хоёр гурван жил эмчилгээ хийлгээд сайжрахгүй байгаа юм билээ. Эмчилгээ хийлгэхийн тулд 70 гаруй мянган ам.доллар шаардлагатай гэсэн. Аав, ээж нь залуу хүмүүс. Залуус бидэнд хурааж хуримтлуулсан мөнгө гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор залуучууд бид үе тэнгийнхэндээ юу чаддагаараа тусалж, нэгнийгээ дэмжих хэрэгтэй байх аа гэж бодож байна.

-“Номин талст хамтлагийн ахлагч Д.Батсүх:

-Миний хувьд Хүүхдийн төлөө за гэж хэлье уриан дор удаа дараа нэгдэж байсан. Хүнд туслах надад сайхан байдаг. Тэр утгаараа Д.Амарбаясгалан хүүд тусалъя, дэмжье гэж зорьсон урлаг, спортын төлөөлөл болсон энэ залуустайгаа хамтраад явж байна. Спортынхон маань дуудлага худалдааны орлогоо хүүгийн эмчилгээнд хандивлахаар болсон байгаа. Урлагийнхан бидний хувьд ирэх зургадугаар сард хандивын тоглолт хийх төлөвлөгөө гаргаад явж байна.

 Чоно хамтлагийн ахлагч Д.Дэрмээ  

-Чоно хамтлаг маш олон хандивын үйл ажиллагаанд оролцож ирсэн байдаг. Энэ удаад бид 11 настай Д.Амарбаясгалан хүүд туслахыг хүссэн залуустайгаа нэгдэж байна. Энэ хүү маань гурван жил орчим хугацаанд үе хоорондын зөөлөн эдийн гэмтэл, үрэвсэл гэх ховор тохиолддог өвчнөөр шаналж байна. Бид бүгдээрээ зүтгээд энэ хүүд сайхан амьдрал бэлэглэмээр байна. Өвчин, зовлон хэнд ч ирдэг. Ирэхдээ хэлж ирдэггүй гэж бид ярьдаг шүү дээ. Би сайхан сэтгэлтэй ард түмнээ  энэ үйлсийг дэмжинэ гэдэгт итгэж байна.

0 comments:

Post a Comment

www.automarket.mn