Бүтээлч ажиллана!

Бидний тухай

Бидэнтэй хамтар

www.automarket.mn. Powered by Blogger.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хуралдлаа.

 Шилжилт хөдөлгөөн, даяаршил гээд олон хүчин зүйлийн нөлөөгөөр манай улсын эрүүгийн нөхцөл байдал хүндэрч, шинэ төрлийн гэмт хэргүүд ихээр гарах болсон. Гэмт хэргийн гаралт, холбогдох хүний тоо ихсэхийн хэрээр хууль, хүчний байгууллагуудын харилцан уялдаатай ажиллагаа, урьдчилан сэргийлэх төрийн бодлого нэн чухал. Энэ хүрээнд улс орны хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өчигдөр хуралдав. Хурлыг ХЗДХЯ зохион байгуулж, хууль хүчний байгууллагууд, засгийн газрын агентлаг, яамуудын төлөөлөл оролцон, өнгөрсөн жилд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон тэмцэхэд ямар үйл ажиллагаа, бодлого хэрэгжүүлснээ тайлагналаа.
     Тодруулбал, хуралдаанд ХЗДХ-ийн сайд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дэд дарга, Зөвлөлийн орлогч дарга Б.Нямжав, Зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Нямдаваа, УИХ-ын гишүүн, Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах монголын нийгэмлэгийн тэргүүн Д.Очирбат, НИТХ-ын дарга Т.Билэгт, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь, НХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, Улсын Ерөнхий прокурорын орлогч Ч.Мөнхбат нар оролцов. Мөн Ерөнхий аудиторын орлогч Б.Батбаяр, ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-очир, ЗЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа Х.Энхжаргал, ТЕГ-ын дарга Р.Болд, ХХЕГ-ын дарга Ц.Сэргэлэн, ШШГЕГ-ын дарга М.Ганхүү, ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав, УМХЕГ-ын дарга Содхүү, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат, ҮТЕГ-ын дэд дарга Батбаяр, Сангийн дэд сайд Ч.Ганхуягийг төлөөлөн н.Оргилболд, ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаярыг төлөөлөн Ж.Лувсандэмбэрэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатарыг төлөөлөн н.Пүрэвдорж, Хүүхдийн төлөө газрын дарга М.Тогтохнямыг төлөөлөн н.Тэрбиш, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Д.Батжаргалыг төлөөлөн Эрдэмтэн, нарийн бичгийн дарга Б.Гүнбилэг нар оролцон өнгөрсөн жилийн ажлын тайлангаа хэлэлцүүллээ.
     ХЗДХ-ийн сайд уг хуралдааныг даргалан, энэ жил гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэн батлуулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хийсэн “Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууын эсрэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөл” сэдэвт судалгааны ажлын тайлан илтгэлийг хэлэлцэн холбогдох шийдвэр гаргасан юм.

2010 онд юу хийв?

     Өнгөрөгч онд улсын хэмжээнд 550 мянган захиргааны зөрчил бүртгэгдсэн нь урьд оны мөн үеийнхээс 42.6 хувиар буурсан гэж хурлын үеэр мэдээллэв. Үүнээс захиргааны эрх зүйн зөрчилтэй 43 мянган иргэн, 21 албан тушаалтан, 466 аж ахуйн нэгж, байгууллагыг 28 сая төгрөгөөр торгож, 10 мянган хүнд баривчлах шийтгэл ноогдуулсан байна.  Гэмт хэргийн улмаас 1191 хүн нас барж, 7486 хүн гэмтжээ.
     ХЗДХЯ-ны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл гэхэд өнгөрөгч онд архидан согтуурахтай хийх тэмцлийг бүх шатанд эрчимжүүлэх, шинэ төрлийн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлд судалгаа хийсэн гэв. Мөн сүүлийн үед улс орны хэмжээнд газар аваад буй мал, орон байр, авто техникийн хэрэгслийг хулгайлах болон зам тээврийн осол аваар, зөрчил, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, насанд хүрээгүйчүүдийг аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон ТББ-уудтай хамтран зохион байгуулсан аж.
     Нийслэлчүүдийн хувьд хамгийн ихээр зам тээврийн осол аваар, хэрэг зөрчилд өртөж хохирдог. Улсын хэмжээнд 2010 онд хэрэг, осол 8809 бүртгэгдсэний дотор осол 4863, хүн гэмтсэн осол 2314, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт 1632 гарч, хэргийн улмаас 320 хүн нас барж, 933 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Орон нутгийн  хувьд Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудад 1,1-64,3  хувиар  буурсан ч Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-алтай, Дархан-уул, Дорноговь, Хэнтий, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар,  Увс, Ховд, аймгуудад  16,7 хувиас  2,1  дахин өссөн үзүүлэлттэй   байна.
     Харин өнгөрөгч оны хувьд нийслэлийн төв замуудад байнгын ажиллагаатай хяналтын камер байрлуулсанаар хэрэг зөрчлийн тоо харьцангуй багассан тал ажиглагддаг. Гэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох, улмаар бусдын амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндийг гэмтээх явдал буурах хандлагагүй байна. Зөвхөн нэг жилийн дотор 19498 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас  эрх хасуулжээ. Харин энэ тухайд ЗЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа Х.Энхжаргал “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй иргэдийн зөвхөн дөрөвний нэгийг одоо ажиллаж буй бүрэлдэхүүнээрээ илрүүлэх боломжтой байна. Шөний эргүүлийн албан хаагчдыг гурван ээлжтэй болгож, Баасан гарагийн орой гэхэд ЗЦГ 50 хувийн бүрэлдэхүүнээ дайчлан ажилладаг ч мөн л хангалттай илрүүлж хүчрэхгүй байдаг.
     Харин гол болон төв замын уулзварууд дээр байрлуулсан камеруудын тусламжтайгаар жолоочийг зөрчил гарсан тохиолдол бүрт хариуцлага хүлээлгэж чаддаг болсон. Үүнээс үүдэн жолооч нар илүү ухамсартай замын хөдөлгөөнд оролцож эхэллээ. Гэхдээ камеруудыг илүү олон газарт, олон үйлдэлтэй, орчин үеийн шаардлагад нийцсэн болгоход улсаас хөрөнгө зарах шаардлагатай байна. Хэрэв хяналтын камерийг нийслэл болон Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудад зуун хувь ашиглаж чадвал зам тээвэртэй холбоотой гэмт хэрэг эрс багасах боломжтой юм” гэв.
     Өнгөрсөн жилд ЗЦГ-аас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, ослын улмаас иргэдэд учрах хор хохирлыг багасгах зорилгоор төв, орон нутгийн хэмжээнд “Шинэ жил”, “Цагаан сар”, “Үдшийн Улаанбаатар”, “Согтуу”,” “Дугуй”,”Орон нутаг-Замын хөдөлгөөний аюулгүй байдал”,”Зогс шугам”.”Замын хөдөлгөөний соёл-2010”,”Хөдөлгөөний сахилга” сэдэвт нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүд зохион байгуулж, гудамж замд хийсэн хяналт, шалгалтаар нийт 74458 зөрчил илрүүлсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1784  зөрчлөөс  2316   тээврийн  хэрэгсэл журамлаж, 48526 хүнийг 230 сая төгрөгөөр торгож захиргааны  арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
     Гэхдээ хуралдаанд оролцогчдын зүгээс ЗЦГ-ын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд хэсэгхэн хугацаанд яваад өнгөрдөг учир үр дүн төдийлөн харагдахгүй байна гэсэн шүүмжлэл гарч байв. Тиймээс ирэх онд дээрх болон бусад арга хэмжээнүүдийг байнгын хэрэгжүүлдэг болох хэрэгтэй гэсэн санал дээр нэгдэж байв.  

2011 онд юу хийх вэ?

     Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өнгөрсөн жилийн тайлангийн үр дүнг харгалзан энэ онд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг мөн хуралдаанаар хэлэлцсэн юм. Ирэх онд Засгийн газрын агентлаг, хууль хүчний байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийхээр төсөлд тусгажээ. Тухайлбал, ХЗДХЯ-ны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хүрээнд шинэ төрлийн буюу зохион байгуулалттай, хүч хэрэглэсэн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах; хулгайлах, замын хөдөлгөөний осол болон байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх; “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төр, хууль, хяналт болон иргэний нийгмийн байгууллага, иргэдийн дэмжлэгт тулгуурлах; насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах судалгаа, шинжилгээний ажлын үр нөлөөг дээшлүүлэх зэрэгт анхаарал хандуулж ажиллах аж.
     Харин ЗЦГ-ын зүгээс нийслэл хотын түгжрэлийг арилгахад дорвитой арга хэмжээ авах үүрэг авсан бол, хөдөлгөөний аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд цагдаагийн албан хаагчдын орон тоо, хүн хүчийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
     Зам тээврийн гэмт хэргийн улмаас өсвөр насны хүүхдүүд гэмтэж, амь нас нь хохирох явдлыг бууруулах зорилгоор ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийн мэдлэг эзэмшүүлэхэд онцгой анхаарах аж.
     Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран улсын хэмжээнд нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.
     Орон нутгийн хувьд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  аймаг, сумдын санд дэмжлэг үзүүлж, малчдын бүлгийн  үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилго тавьсан байна.
     Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон ТББ-уудын хамтын ажиллагаа, оролцоо чухал. Энэ хүрээнд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах зорилгоор ”Сарын аян” зохион байгуулах, “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг”,  “Монголын хөрөнгийн зах зээлийн эрүүгийн эрхийн хамгаалалт” зэрэг сэдвээр судалгааны ажил хийх, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, батлан хамгаалах байгууллагуудад ажиллаж байгаа  болон хугацаант цэргийн алба  хаагчдын дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журмыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах; “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-тай хамтран “Хүн худалдаалах гэмт хэрэг” 1, 2 дугаар шатны сургалтыг нийслэлийн 6 дүүрэг, Өмнөговь аймгийн салбар зохицуулах зөвлөлийн гишүүдийг оролцуулан зохион байгуулах зэргээр төсөлд тус тус тусгажээ.
     Гэмт хэрэгтэй хууль, хяналтын аргаар, өөрөөр хэлбэл “хатуу гараар” тэмцэж ирсэн олон жилийн туршлага бий. Үр дүн бий ч хангалттай байж чаддаггүй.  Харин энэ жилээс хэрэгт холбогдож буй насанд хүрсэн иргэд болон хүүхдүүдтэй сэтгэлзүйн талаас түлхүү ажиллахаар төлөвлөж байгаа аж. Нэн тэргүүнд дахин гэмт үйлдүүлэхгүй байх болон улс орны хэмжээнд иргэн бүрт хуулийн мэдлэгийг хангалттай олгох, жигшүүлэх замаар энэ ажлыг хэрэгжүүлэх боломжтой. Сэтгэлзүйн талаас нь ажиллаж, ухамсар бүрэлдүүлэн, гэмт хэрэг, хорт зуршлаас хамгаалж ажиллах төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл нийгмийг түгшээгээд буй олон бараан сүүдрүүд замхрах юм.

0 comments:

Post a Comment

www.automarket.mn